2007-12-17
Сэгс цагаан богд

Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна
Намар та манай нутагт
Нартай хамт ирсан юм уу
Сэгс цагаан богд ууланд
Сэрүү унах болоогүй юмуу
Цэлгэр говь минь нараа дэлгээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна
Сар хаяанд хонож салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Намрын элч наашлөн  
Нарны элч ус мэт
Газрын хээлэнд шингэж
Намрын говь дулаан байна
Зун мамартаа говь юм гэж  
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үлээн
Цас үүлэндээ хайлдаг юм
Нүдэнд дулаахан хархүү та
Хүүдлийн шувуу байсан юм уу?
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж үлдсэн юмуу
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сүжрээд байна
Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү дээ
Батиар биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү дээ
Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуутай явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүхэнд захиа дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
Нээрэн та намаржин чадлаа
Уншаад баймаар таны захидлууд
Уулзахын заяа өгөөч гэжээ
Уулдахын заяа өгөөч гэтэл
Учралын жаргал аваач гэжээ
Учралын жаргал авъя гэтэл
Улаанбаатарт ирээч гэжээ
Сэгс цагаан богдоо орхиод
Сэтгэл юугаа дагая гэвэл
Хонгор таны гэргий болоод
Хот газар сууяа гэвэл
Говь нутгийн хүрэн бүсгүй
Гоо үзэмж хүрэх болов уу
Онгож гандсан миний царайд
Оо энгэсэг таарах болов уу
Уур гүйсэн байшинд суухаар
Утаагүй галд цай чанахаар
Улаа бутарсан говио орхиод
Улаабаатарт очъёо гэвэл
Буянтай ханийн цалин хүртсэн
Бурхан байлаа ч таарах болов уу
Буурал хангайн цагаан өвөл
Булган дээлтэй ч даарах болов уу

Уучлаарай найз минь
Уурлах хэрэггүй тоглосон юм
Улаабаатар сайхаан
Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын минь чандмань эрдэнэ
Улаанбаатар сайхаан
Өдөн дэрнээс
Өглөө өндийн
Өнгийн шаахай
Өлмийд углан
Цоохор торгон
Хэвнэг нөмрөөд
Цонхны хөшиг
Хэцээр татаж
Халуун ус
Хананаасаа аваад

Цахилгаан зууханд
Цайгаа чанаад
Үеийн тандаа эрхлэн суувал
Үнэхээр нэгэн жаргал бус уу
Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зүүгийн булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаавай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхвал
Аяа бас жаргал бус уу
Ажил тарсны дараагаар
Аав ээжийн ерөөлөөр
Цэцэг шиг хөөрхөн хүүгээ
Цэцэрлэгээс хамт аваад
Цэнгүүн сайхан үдэш
Цэнхэр дэлгэц ширтэн
Хөвсгөр диваанд шигдэн
Хөгжим дуу чагнан
Сайхан бие эрүүл
Санаа сэтгэл саруул
Бие биенээ хайрлан суувал
Бидэн хоёрын жаргал бус уу
Тэгэвч найз минь би
Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс цагаан богддоо
Сэтгэл хоргодоод болохгүй нь
Сундлан нүүх үүлс шиг
Суварган цэнхэр уулаа
Сувд шиг бэлд нь гялалзах
Сум нэгдлийн төвөө
Энэ нутагт тулсан
Эцэг өвгийн галаа
Он жилээр нэхэлгүй
Орхиод явж чадахгүй нь
Ай даа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дүү гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гурван шанд
Задгай гурван хээр
Зах гурван бамбуу ...
Нэр хүртэл шүлэг
Нээрээн сайхан нутаг
Аяа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Солонгын долоон өнгө билээ
Идээний таван амт билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ
Аагтай цай шиг шаргалтан байдаг
Аргалын зоо шиг хиргэлтэн байдаг
Атан тэмээ хонгортон байдаг
Алагхан говьдоо хайртай би
Эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь
Эсгээд авмаар иртэй ч гэлээ
Ээрэм газрын алаг чулуу нь
Эрхний бөөр шиг элүүн билээ
Их говийн холоос харахад
Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ
Илчтэй хөрсийг нь алгаар дарахад
Илүүрийн ул шиг халуун билээ
Хулангийн тоос шингэх бэл нь
Хуурайн ар шиг ширүүн ч гэлээ
Хүйсэн чинээ зүлгэн газраа
Хүүхдийн зулай шиг нимгэн билээ
Голдоо хүртэл хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нарны илчинд ноцтол халсан
Нарийхан мөчир нь ногоон билээ
Цаадах уулс нь зэрэглэн хөвөх
Цагаан далай зэрэглээнд тунан
Өртөө газраас айлын гэр
Өдрийн од шиг цахилнам билээ
Халуун тогооноос бүрхээр авахад
Хамар цоргин бүгчих уур шиг
Таана аагсан хөхөмдөг манан
Талаар дэгдэн хөөрнөм билээ
Хүдэн татсан нутаг юугаа
Хүсэл нь дагаад халуун явдаг
Хүрэн царайтай говийн хүмүүс
Хүний ясаар сайн билээ
Ялаа хальтрам ханан цавчилд
Янгир нь ятаатай ассан байдаг
Асга шаргих хадан хавчилд
Аргаль хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу нь хулантай уралдан байдаг
Тэнгэрийн хиаз шиг цагаан цээлэнд
Тэмээ хавтгай туйлан байдаг
Өнгө гэрлийн хувилгаан
Өвгөн манхны давалгаан
Говь сайхан нутагт минь
Гоё сайхан болж байгаа
Цагаан суурин хээр босож
Цахилгаан дэн гэрт асаж
Цэнхэр говьдоо манай нэгдэл
Цэцгийн мандал дэлгэж байна
Хүний санаа алс сууж
Хүсэл бодол нь айл бууж
Эгэл олны амьсгаа нийлсэн
Энэ нэгдэлд амьдрал сайхан байна
Намар та энэ нутгаар
Нартай хамт давхиж явахдаа
Манай нэгдлийн сайхныг биширч
Малчдын хойморт саатаж суухдаа
Уянга модтой цагаан гэрийг нь
Улаабаатарын ганган тавьцыг нь
Машинаа зогсоож гайхсан гэнэлээ
Малгайгаа авч магтсан гэнэлээ
Нээрэн ч энд говь шигээ
Нэгдэл маань өргөн байна
Сэгс Цагаан Богд шигээ
Сэтгэл минь өндөр байна
Үеийн найз нь өөрийн нэгдлийн
Үүднээс сөхөж өрхнөөс татаж
Алсын хүнд хайраа хадгалж
Айлын хүүгээс түүнээ харамлаж
Задгай шаргал хүлгэн говьдоо
Зандан шатар шиг зуун тэмээгээ
Үүрийн туяанаар өрж явна
Үдэш болтол нүүж явна
Хонгор найз минь уулзъя гэвэл
Холын надтай учрая гэвэл
Нар шиг говьдоо таныг урья
Сар шиг гэрээ энд барья
Эрхэм таныг эргээд ирэхэд
Эхийн голынхоо алимаар дайлъя
Усан үзмийг нь багцыг таваглаж
Ургацын шимээр хүндлэн цайлъя
Хангайн гоёлыг говьд өмргөх
Хотын соёлыг хөдөө хүргэх
Хувь заяаг та бидэнд
Хувьсгалт буурлууд тавьсан байна
Хот хөдөө адилхан болох
Хойчийн өдрийг ойрхон болгож
Залуу насныхаа хамаг өнгийг
Зах нутагтаа хамаг өгье
Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс Цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дөрөөг
Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг
Сүй болгон хүлээе
Баяртай найз минь
Хариу бичээрэй
Байнгын минь хаяг
"Сэгс Цагаан Богд!"

 

Сэтгэгдэл:


chamd mash ih bayarlalaa haigaad olku bsan chine olchloo doo tnks
гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 22:13, 2009-12-05 | Холбоос | |


5

rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 20:06, 2009-12-03 | Холбоос | |


cool
Бичсэн: хундага цаг: 11:35, 2007-12-18 | Холбоос | |


Сэтгэгдэл
chi zaaval avtor taviulah geed baigaa yum uu daa Bugd l Dendeviin Purevdorj gej medne sh dee ai hu Yamar neg sain buteeliin ezniig hun bur l medne chi ch gesen medne sh dee huniig shoglood l ....uillaa shuu

Зассан: soyol хэзээ: 2007-12-17 09:39
Бичсэн: Soyol цаг: 11:32, 2007-12-18 | Холбоос | |


өөрийн чинь бүтээл үү? гоё юмаа, уншихад.
Бичсэн: хундага цаг: 23:11, 2007-12-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax